Ambassador's Message


Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд саатан морилж буй Танд баярлалаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш улс бөгөөд манай хоёр орон 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон билээ. Өдгөө манай хоёр орон Стратегийн түншлэлийн түвшний харилцаа, хамтын ажиллагаагаа амжилттайгаар өргөжүүлэн хэрэгжүүлж байна.

Манай цахим хуудаснаас Та бүхэн Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, түүх соёлын талаарх мэдээлэл авахаас гадна Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон хавсран суугаа Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Бүгд Найрамдах Бангладеш Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Мальдив Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд болж буй онцлог үйл явдлууд болон тус ЭСЯ-ны үйл ажиллагаанаас танилцуулж байх болно.

Монгол Улсын иргэн Та мөн өөрт шаардлагатай консулын үйлчилгээ авахтай холбоотой мэдээллийг эндээс авч байна уу.

БНЭУ болон хавсран суугаа улсад оршин суугаа болон зорчин яваа Монгол Улсын иргэн Таны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг Танд түргэн, шуурхай хүргэх, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх нь манай ЭСЯ-ны үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг юм. БНЭУ болон хавсран суугаа бусад улс орны хууль, тогтоомжийг иргэн Та чанд сахин мөрдөж, зан заншил, түүх соёлд нь хүндэтгэлтэй хандаж байхыг зөвлөж байна.

Монгол Улсын иргэн Танд манай ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!



Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд

Дамбажавын Ганболд