Notice


Шинэ Дели хот 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр


  • 29 July, 2020




Энэтхэг, Балба, Бангладеш, Шри Ланка Улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Улсын Онцгой Комиссын Шуурхай удирдлагын штаб үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн тусгай үүргийн нислэгийг 8 дугаар сарын 5-ны Лхагва гаригт Улаанбаатар-Шинэ Дели-Ханой-Улаанбаатарын чиглэлд үйлдэж, УОК-ын шаардлага хангасан (өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, ар гэрийн болон мөнгөний гачигдалтай гэх мэт) иргэдийг эхний ээлжинд татан авах шийдвэр гаргав.

Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг төв (ГХЯ-ны Консулын газар)-т уламжлах ажил байнга хийгдэж байгаа бөгөөд Энэтхэг, Бангладешийн талаас нислэгийн зөвшөөрөл, УОК-оос баталгаажуулсан зорчигчдын нэрс, МИАТ-ийн тийзийн үнэ зэрэг мэдээ мэдээллийг ирүүлмэгц ЭСЯ ны нүүр номоор зарлах болно.

Тусгай үүргийн нислэгт суудал нь баталгаажсан иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

• Монгол Улсын ЭМЯ-ны шийдвэрийн дагуу нислэг эхлэхээс 48 цагийн дотор корона вируст халдварын шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний сөрөг гарсан хариуг биедээ авч явах,

• Шинжилгээний хариуг алба ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой Эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд хийлгэсэн корона вирусын шинжилгээний хариу-бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноог бичүүлэх,

• Тухайн иргэн эзэмшдэг нь нотлогдсон гар утасны дугаараар шинжилгээний хариуг авсан тохиолдолд шинжилгээ хийлгэсэн төлбөрийн баримт зэргийг хавсаргах,

• Корона вирусын шинжилгээний бичгийг агаарын хөлөгт суухад шалгах тул биедээ авч явах,

• Тусгаарлах байранд 21 хонох тул Онцгой байдлын Ерөнхий газрын данс (ХААН БАНК 5084538375)-д байр, хоол, унааны зардалд нэг сая 60 мянган төгрөг (6-18 настай хүүхэд 640 мянган төгрөг)-ийг тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР, ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг тодорхой дурдан урьдчилж шилжүүлэх эдгээр болно.

Амны хаалт, гар ариутгах шингэн хэрэглэх, бээлий, малгай, битүү хувцас өмсөх, хоорондын зайг барих, ам хамраа содатай, бүлээн усаар зайлахын сацуу ус, ундаа, хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах, аяга тавгийг гар дамжуулан хэрэглэхээс зайлсхийх, баримт нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, тайван байхыг мөн зөвлөж байна.

Гоман болон бусад хийдээс ирэх лам оюутнууд Шинэ Дели хотын “IGIA” олон улсын нисэх буудалд хүрэх унааг нэгдсэн байдлаар “Asian Travel Сo. Ltd,” “KTC” зэрэг компанид боломжийн үнээр захиалах боломжтой.

Элчин Сайдын Яам