Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-Н


  • 20 April, 2021




2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Энэтхэг улсад сүүлийн үед цар тахлын халдварын тархалт худтай нэмэгдэж, зарим муж хотод хөл хорио тогтоох, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, тухайлбал, 5 сарын 1-нээс 18+ настныг вакцинд хамруулах болсноо зарлаж, хүмүүсийг амны хаалт, хоорондын зай барих, гараа угаах, зай барих, эл өвчний шинж илэрэхэд цаг алдалгүй эмнэлэгт хандахыг сануулж байна.

Нийслэл Шинэ Дели хотод 4 дүгээр сарын 19-ний 20.00 цагаас ирэх Даваа гариг буюу энэ сарын 26-ны 05.00 цаг хүртэл хөл хорио тогтоов. Энэ хугацаанд албан байгууллага, дэлгүүр, худалдааны төв, барааны зах, боловсрол, сургалтын байгууллага, кино болон бусад театр, ресторан, бар, хурал цуглааны танхим, бүх төрлийн амралтын газар, спорт цогцолбор, бялдаржуулах төв, үсчин гоо сайхны газар, болон барилгын үйл ажиллагааг хаав.

Гэхдээ, төр засаг, шүүх, эмнэлгийн байгууллагуудын ажилтан, ажилчид, жирэмсэн эмэгтэйчүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа буй өвчтнүүд, галт тэрэг, нисэх онгоцоор зорчигчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хөл хорионд орохгүйгээс гадна хот хооронд зорчих хөдөлгөөн чөлөөтэй, тусгай зөвшөөрөл шаардахгүй аж.  

Олон улсын нислэгийн хэсэгчлэн хязгаарлалт энэ оны 4 дүгээр сарыг дуустал үргэлжлэх тул нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ, КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгүүлсэн бол эмнэлгийн магадлагааг биедээ авах шаардлагатай юм байна.   

Консулын дэмжлэг туслалцаа авах иргэд +91-9971099068 дугаарын утас, mongoliadelhi@gmail.com гэсэн цахим шуудангаар Элчин сайдын Яамтай холбогдоорой.

Олон нийтийн  газраар зорчихоос зайлсхийх,  шаардлагагүй тохиолдолд бусад хот, мужид зорчихгүй байх, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хооронд зайг барих, гараа ариутгах, савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарахыг мөн зөвлөж байна.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг сануулах ялдамд Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ