Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР


  • 29 June, 2021




Шинэ Дели хот

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

УОК Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар энэ 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Дели-Улаанбаатар чиглэлд захиалагт нислэг үйлдэхийг “Хүннү Эйр” компанид зөвшөөрсөн боловч цар тахлын цагийн байдлаас үүдэн гадаадын иргэдийг уг нислэгт хамруулахгүй гэж шийдвэрлэсэн. “Хүннү Эйр” компани монгол иргэдийн тоо цөөн байгаа тул нислэгийн орлого зардлаа нөхөхгүй, алдагдалтай гэж үзсэн тул дээрх нислэг саатсан болно.

ЭСЯ Энэтхэгт саатсан, эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн нөхцөл байдлыг УОК, ГХЯ, ”Хүннү Эйр” компанид удаа дараа тайлбарлан 7 дугаар сарын 9-ний Улаанбаатар-Алма Аты-гийн нислэгийг Делид ирүүлэх саналыг тавиад байна.

УОК зөвшөөрсөн тохиолдолд өмнөх нислэгт хамрагдахаар бүртгүүлсэн иргэдээс гадна нэрсээ нэмж өгөх иргэд +91-9971099068 утсаар болон mongoliadelhi@gmail.com цахим шуудангаар ЭСЯ-тай, “Хүннү Эйр” компанийн Улаанбаатар дахь оффистой холбогдох нь зүйтэй. Захиалгат нислэгийн мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудас https://www.embassymongolia.in/ болон Embassy of Mongolia in New Delhi  нүүрномд шинэчилж байх болно.

УОК-ын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар “Гадаад улсаас ирэгсдийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчилж баталсан тул зарим заалтыг үүгээр мэдээлж  байна.  Үүнд:

  1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хонолгүйгээр гадаад улсаас очиж байгаа хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж 6 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна.
  2. ЭМЯ тухай бүр шинэчлэн гаргах “Анхаарал татаж буй хувилбарын мутацлагдсан вирус голомтлон бүртгэгдэж байгаа гадаад улс, орны жагсаалтад  дурдсан улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин суусан, дамжин өнгөрсөн хүнийг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс өмнөх 4 сарын хугацаанд Коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрснээс үл хамаарч тусгаарлан ажиглах байранд 14 хонуулж 6 болон 12 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна. Дээрх жагсаалтыг ЭМЯ  жич мэдээлэнэ.
  3. Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хугацаа дуусахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, “ПГУ”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгаж, гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
  4. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс өмнөх 4 сарын хугацаанд Коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлалгүй гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
  5. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцины бүрэн тун аваад 14 хоносон, эсхүл улсын хил нэвтрэхээс өмнөх 4 сарын хугацаанд Коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрснийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх настныг мөн тусгаарлалгүй гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
  6. Монгол Улсын хилээр нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын “ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй байхыг үргэлжлүүлэн  шаардах болно.  

Монгол Улсын ГХЯ-ны хэвлэл “Mongolia Today” сэтгүүлийн тусгай дугаартай танилцана уу. https://we.tl/t-kDvEMrW6vQ

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах. Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэйг зөвлөхийн хамт эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ